Алдар цолтнууд

Алдар цолтнууд

СУМААС ТӨРӨН ГАРСАН МОНГОЛ УЛСЫН
АЛДАР ЦОЛТОНУУД

Ардын хувьсгалын партизан:

М.Ширнэн

Улсын баатар:

Д.Самдан пулемётчин

Хөдөлмөрийн баатар:

С.Бадамсүрэн – ногоочин
Д.Намсрай – барилгачин
М.Чимгээ – саальчин
Г.Чунаг – Төмсний бригадын дарга

Гавьяат цолтонууд:

Б.Дамбадоо – барилгачин
О.Палам – барилгачин
Ц.Батбаяр – бүжигчин
Б.Сономжамц – механикжуулагч
Я.Яндаг – эдийн засагч
М.Гончиг – агрономч
Д.Дамдинсүрэн – агрономч
Г.Пүрэвбат – бурханч лам

Эрдэмтэд:
Б.Гончиг – сурган хүмүүжүүлэх ухааны доктор, багш
Ч.Арьяасүрэн – хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, зохиолч
Л.Эрдэнэболд – түүхийн ухааны доктор, түүхч               
С.Мөнхбаярлах – анагаах ухааны доктор, эмч              
Г.Сувдаа – мал эмнэлгийн ухааны доктор, зоо инженер
Д.Уртнасан -хэл шинжлэлийн доктор, хэл судлаач

Спортын мастерууд
Ч.Отгонцэцэг-ОУХ-ний гүйлтийн цанын мастер 2011 он
А.Наранцэцэг-ОУХ-ний гүйлтийн цанын мастер 2011 он
Н.Ууганцэцэг-ОУХ-ний гүйлтийн цанын мастер 2011 он
Э.Ариунтунгалаг-Гүйлтийн цанын спортын мастер 2010 он
Д.Өсөхбаяр-Гүйлтийн цанын спортын мастер 2011 он
О.Энхбат-Гүйлтийн цанын спортын мастер 2011 он
Н.Жаргалсайхан-Гүйлтийн цанын спортын мастер 2011 он
С.Тунгалаг-Явган аялалын спортын мастер 2013 он
Б.Нарантуяа-Гүйлтийн цанын спортын мастер 2014 он
Ж.Халиунаа-Гүйлтийн цанын спортын мастер 2015 он
Д.Оюунчимэг-Гүйлтийн цанын спортын мастер 2017 он
Б.Наадам-Кит боксын дэлхийн аварга, ОУХ-ний мастер 2017 он
Б.Нарангэрэл-Улсын 15 удаагийн аварга, самбо, жудогийн спортын мастер                                              Ч.Жаргалсайхан-Улсын 7 удаагийн алт, мөнгөн медалт Жудогийн спортын мастер                                  С.Солонгогэрэл-Жудогийн сдортын мастер
Р.Халиун-Эрдэнэ-Шатрын спортын дэд мастер
М.Ган-Эрдэнэ-Гүйлтийн цанын спортын мастер 2018 он
О.Өсөхбаяр-Олон улсын хэмжээний мастер                         
Г.Уранбилэг-Такивондогийн ОУХ-ний мастер 2016 он   
М.Сугар-Самбо, жудогийн ОУХ-ний мастер

МОНГОЛ УЛСЫН БААТАР ДУЛАМДОРЖИИН САМДАН
(1916-1939)

Пульмемётчин Дуламдоржийн Самдан Төв аймгийн Баян-Өлзийт сумын 4-р багт, одоогийн Борнуур сумын Нарт 4 -р багийн нутаг Зурын ам гэх газар 1916 онд төрсөн. Д.Самдан нь өвөг эцгийнхээ гал голомтон дээр гарсан учир өөрийн өвөгэцэг болох Дуламдоржоор овоглон эх Мядаг, эхнэр Пунцагдулам нарын хамт амьдарч байсан ба дунд зэргийн нуруутай, эхтэйгээ адилхан монхор хамартай, цагаан шар царайтай, гарын ур сайтай, нутгийн хүүхдүүдэд бичиг үсгийн хичээл заадаг, багийн дарга, сүүн тасгийн дарга, тоо бүртгэгч зэрэг ажлыг хийж байгаад 1938 оны 9-р сарын 15-нд цэрэгт ирж, 1939 онд Халх голын байлдаанд 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хороонд, Нөмрөгийн орчимд Японы цэргийн эсрэг ширүүн тулалдаанд орж, байлдсан бөгөөд үүнийг Нөмрөгийн голын тулалдаан гэж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Матад дахь цэргүүдийн дотор Наводчик Самдан их нэр хүндтэй нэгэн байсан байна. Д.Самдангийн сумангийн дарга байсан Данзангийн дурсамжаас “Халх Нөмрөгийн голд бугшиж байсан дайсныг дарах тушаалыг 1939 оны 9-р сарын 11-ний өдөр 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хороо хүлээж авсан юм. Тус хороо нь нэгтгэл ангиасаа 100-гаад км зайтай Нөмрөгийн голын районд дайсны давуу хүчтэй тулгаран байлдаж бүслэгдэв. Энэ үед пулемётчин Д.Самдан өөрийн суманг галаараа хамгаалах үүрэг хүлээж, өдрийн 12 цагаас оройн 16 цаг хүртэл үргэлжилсэн энэ тулалдаанд дайсантай эрэлхэгээр байлдан, сумангаа дайсны довтолгооноос хамгаалан, улмаар дайсныг өөртөө 50 орчим метр ойртуулан галлахад япончууд олноороо түүний зүг давшжээ. Энэ үед түүний сум дууссаж, пулемётынхоо улайссан гол төмрөөр арав гаруй дайсныг цохиж алаад өөрөө нас баржээ. Ийнхүү Халх нөмрөгийн голд болсон ширүүн тулалдаанд байлдагч Д.Самдан ангиа хамгаалж нөхдөө авран хамгаалж, өөрөө ар нуруугаараа буудуулан насан эцэслэсэн бөгөөд эрэлхэг дайчны бууны гол төмөр хэдэн хэсэг болж, байлдааны хүрз нь дэргэд нь хэвтэж байсан юм. Ингээд бид зоригт дайчныхаа шарилыг нутаглуулсан юм гэжээ. Эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсан баатарлаг гавъяат Дуламдоржийн Самданг 1973 онд Төв аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ. Түүний хөшөөг 1989 онд Төв аймгийн төв Зуунмод хотод, 2014 онд төрлөх сум Борнуур суманд нь босгов.
1978 онд БНМАУ-ын баатар Д.Самдангийн гавъяаг хүндэтгэж Шаравын Будваагийн санаачлагаар төрсөн газар, цэрэгт анх мордсон, Зурын амны Бухтын дэнж гэх газар дурсгалын хөшөө босгожээ. Зураг дээр: Хөшөөг босгоход оролцсон сурагчдын хэсэг БНМАУ-ын баатар Дуламдоржийн Самдангийн баатарлаг гавъяа, дурсгалыг нь хүндэтгэн төрсөн нутаг цэрэгт мордсон газар болох Нарт багийн Зулын аман дахь Бухтын дэнжид 1976 онд Шаравын Будваа багштай 1978 оны төгсөгчид болох 8 “б” ангийн сурагчид анх 1976 онд 6-р ангид байхдаа сум орон нутгаас төрсөн Улсын баатараа алдаршуулж хөшөөт самбар босгож байлаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР СОНОМЫН БАДАМСҮРЭН

БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар С.Бадамсүрэн нь 1923 онд Булган аймгийн Хантай сумын нутаг Гучин гурт гурван хайлантайн адаг Хар суурийн нугад малчин ард Сономын ууган охин болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр 1940 он хүртэл мал маллах, тариа будаа, ногоо тарих ажлыг хийж байгаад 1940-1949 онд УБ хотод АҮКомбинатад нормчин, 1950-1952 онд Баян-Өлзийт сумын нутаг НАХЯ-ны харъяа Шарын мод ны аж ахуйд модчин, ногоочиноор, 1953 онд Борнуурын САА анх байгуулагдахад тулгын чулууг нь тулалцан анхны ногоочноор тасралтгүй 47 жил ажиллаж 1961 онд улсын хэмжээний анхны дээд амжилтыг гарган 1 га-гаас 40-50 тн байцаа хураан авч БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм алдар цолыг хүртсэн юм. Ажиллах хугацаандаа Залуу үеийг халамжлан хүмүүжүүлж ногооны ажилд дадлагажуулан МАХН-ийн илгээлтээр Завхан, Сүхбаатар, Дундговь аймаг, Төв аймгийн Баяндэлгэр, Жаргалант, Баянчандмань, Баян, Лүн сумуудад Зөвлөх багшаар ажиллаж олон арван шавь төрүүлсэн сурган хүмүүжүүлэгч байлаа.
Улс эх орон төр, засгаас энэхүү хөдөлмөр, гавъяа зүтгэлийг нь үнэлэн БНМАУ-ын хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо, Сүхбаатарын одон, Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, АХ-ын 30, 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, V, VI, VII 5 жилийн гавшгайч, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, ҮЭ-ийн ойн медаль, МХЗЭ-ийн Төв хорооны шагналааар олон удаа шагнагдсан, АИХ-ын депутатаар 4 удаа, аймаг, сумын депутатаар 6 удаа сонгогдож явсан юм.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИИН БААТАР МААХҮҮГИИН ЧИМГЭЭ

М.Чимгээ 1947 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. Бага, дунд сургууль дүүргэж 1957 оноос хөдөлмөрийн гараагаа эхлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарч Борнуурын САА-д ногоочин, малчин, саальчнаар ажиллажээ. Энэ хугацаандаа сум, аймгийн 10 удаагийн аварга, Улсын 2 удаагийн аварга малчин цол хүртэж, аймаг, сумын АДХ-ын депутатаар олон удаа сонгогдож, МАХН-ын XIX Их хурал, Монголын эмэгтэйчүүдийн их хурал, “Мал маллах сайхан” улсын зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож байв. Мөн Алтан гадас одон, олон медалиудаар шагнагдаж байсны зэрэгцээ нутгийн монгол үнээ хариуцан маллаж байхдаа нэг үнээнээс 1500 литр, дараа нь Германы үүлдрийн хар харлан үнээнээс 6000-7000 литр сүү сааж, улсын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 1985 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнажээ.
Н.Чимгээ нь 2000 оноос эхэлж нийслэл Улаанбаатар хотод суурылин амьдарч, хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох, залуу үед ахмадуудын хөдөлмөрч дайчин уламжлалыг өвлүүлэх зэрэгт хүчин зүтгэж, одоо Монголын Хөдөлмөрийн баатаруудын холбооны тэргүүлэгч, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, Эх үрс ТББ-ийн гишүүн, Нийслэлийн ахмадын хорооны тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт ажлыг хийж явна.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГҮНДИЙН ЧУНАГ

Г.Чунаг 1935 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Мөнгөн аяга гэдэг газар төрсөн. 1954 онд Борнуурын САА–д МХЗЭвлэлийн илгээлтээр ирснээр хөдөлмөр, амьдралын гараагаа эхэлжээ. 1954-1958 онд ногоочин, 1958-1959 онд Архустын трактор комбайнчийн курст суралцаж, 1959-1966 он хүртэл тракторчноор, 1966-1991 онхүртэл Төмсний бригадын даргаар тасралтгүй 25 жил ажиллах хугацаанд тус бригад нь 14-16 механикжуулагчтай, 2 салаа болон ажилладаг, 800 гаруй га газрын төмсний талбайгаас дундажаар 200-250 цн ургац хурааж байв. Г.Чунагийн ажил зохион байгуулах өндөр ур чадвар, түүний бригадын хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бригадаараа Улсын аварга хамт олноор 10 удаа шалгарч, олон арван ногоочид улс, аймаг, сумын аварга алдар цол хүртэж байлаа. Г.Чунагийн эх орны ХАА-н хөгжилд оруулсан их хувь нэмрийг Төр засгаас өндрөөр үнэлж, хөдөлмөрийн хүндэт медиалаар 2 удаа, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор 2 удаа, 1986 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо медалиар тус тус шагнасан байна. Мөн БНМАУ-ын АИХурлын депутатаар сонгогдон ажиллаж, МАХН-ын удаа дараагийн их хурлууд, Тариаланчдын Улсын анхдугаар зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож байв.
Г.Чунагийн баатарын том охин Ч.Загалмаагийн дурсамжаас “Миний аав, түүний дүү нар өглөг буянаа хайрласан Борнуурын буурал толгод, Бороо голын сав нутгаар 60 гаруй жил үе дамжин нутаглаж, өгөөж хишгийг нь хүртэн амьдарч ирлээ. Хүн төрөлхтөний түүхийн нэгэн жарантай дүйцэх энэ цаг хугацаа бидний эцэг эхийн төдийгүй үр, ач нарынх нь эргэн дурсах бахдам амжилтын баялаг түүхээр дүүрэн он жилүүд байлаа.
Сайн сайхан амьдралд уриалан хөтлөгч, тэднийхээ үнэнч, хичээнгүй, хөдөлмөрч уламжлалаар өөрсдөө төдийгүй үр хүүхдүүддээ өвлүүлэн залгамжлуулж ажил амьдралаараа бусдад үлгэр дууриал үзүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэйгээр сумынхаа түүхт ойтой золгож байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
ДАШБАЛЖИРЫН НАМСРАЙ

Д.Намсрай нь 1934 онд Төв аймгийн Баян-Өлзийт (одоогийн Борнуур) сумын нутагт төржээ.

1946 онд 13 настайдаа улсын барилгад туслах ажилчнаар орсноос хойш 28 жил их барилгын ажилд ухамсарт амьдралаа зориулсан юм. Д.Намсрай ЗХУ-ын алдарт барилгачин В.В.Королевын туршлагыг анх удаа эзэмшигчдийн нэг бөгөөд гуравтын системээр 31950 ширхэг, тавтын системээр 50316 ширхэг тоосго ээлжиндээ өрж, тухайн үед олон зуун мянган төгрөгийн арвилан хэмнэлт гарган ажилласан учир 1969 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Тэрээр “Сүхбаатарын одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Удирдник” тэмдэг, бусад ойн медалиудаар шагнагдаж БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байв.