Түүхэн товчоо

Борнуур сумын түүхэн замнал

Ардын Хувьсгалын өмнө Түшээт хан аймгийн Баатал ван Наваан юндэнгийн хошууны их шавийн Чандмань Бор хужирын отог нэртэй байгуулагдаж 1923 онд Богд хан уулын аймгийн Ноён уулын хошууны Чандмань бор хужир отгийн нутаг 1925 онд Их шавиар байгуулсан Дэлгэр их уулын аймаг болж 1926 онд татан буугдсан Богд хан уулын аймгийн халиугчин Боролзой уулын хошуу байгуулахад байгуулагджээ.

1931 онд Халиугчин Боролзой уулын хошуунаас Угтаал цайдам сум, Богд хан уулын хошуунаас Баянцогт сум, Ноён уулын хошуунаас Баянгол сум тус тус байгуулагдсан. 1938 онд дээрхи 3 сумаас таслан Баян-Өлзийт сумыг байгуулж 1959 оны улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баян-Өлзийт сумыг Борнуур сум болгосон түүхтэй.

Тус сум нь Төв аймгийн хойт хэсэгт байрлах бөгөөд хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сум, баруун талаараа өөрийн аймгийн Жаргалант, Баянцогт сум, зүүн талаараа Батсүмбэр сум, өмнө талаараа Баянчандмань сумдтай тус тус хиллэдэг.

Нийслэл Улаанбаатар хотоос 98 км, Зуунмод хотоос 155 км зайд оршдог.

Нийт 114.68 мянган га газар нутагтай. Үүнээс: Тариалангийн талбай 8108 га,

           Хадлангийн талбай 3998 га,

           Бэлчээрийн талбай 70119 га

           Ой мод 29875 га-г тус тус эзэлдэг үржил шимт, хар хүрэн хөрстэй ойт хээрийн сум юм.

Борнуур сумын газрын гадарга нь Палезион хувирмал чулуулагтай гадарга нь өмнөөсөө хойшоо хөнтөргөн тогтолцоотой. Уулын сунал нь өмнөөсөө хойшоо чиглэлтэй. Нутгийн өмнө цэг Бяцхан сүүжээс хойд цэг Бороогийн Борхошуу хүртэл 45 км уртааш хэмжээтэй, хамгийн өндөр уулууд нь Гунан голын баруун салаа 1827 м, Гангийн зоо 1716 м, Ноён уул 1598 м, Тогоот уул 1350 м өндөртэй. Мөн Муухүүгийн, Залаагийн, Зурамтайн, Бугын, Халзан моностойн даваанууд, Агьт, Тайст, Сайхан, Даваан булаг, Шавартай,Шивэртий,, Буурал, Баянгол, Нарт, Цагаанчулуут, Шархоолой зэрэг уудам сайхан үржил шимт хөндий тал газруудтай.

Сумын төв нь Эрээнхавирга, Бичигт, Үхэрчулуут, Хүрэлтий зэрэг уулсаар хүрээлэгдсэн. Манай сумын нутагт эртний Хүннү улсын булш бунхантайНоён уул, Ардын журамт цэрэг Хиагтаас Их Хүрээ орох замдаа үдэлж хоноглосон Сүжигт зэрэг дурсгалт газруудаас гадна Байгалийн үзэсгэлэн бүрдсэн ой мод, ус ургамал, ан амьтан элбэг Арангат, Баянгол, Шивэртэй, Шавартай, Далзур, Ёл, Дуган зэрэг газруудтай. Буга, бор гөрөөс, гахай, шилүүс, чоно, үнэг, хярс, дорго, туулай, чандага, тарвага, зурам, булга, солонго, өмхий хүрэнзэрэг, ан амьтан, ятуу, хөтүү, хур, сойр зэрэг ан агнуурын шувуудтай, Зэрлэг сонгино, арц, мөөг, чихэр өвс, бамбайн үндэс, жууцай, хүнхээл, мангир, гоньд, алтангагнуур, дэгд, даль, улаалзгана, гүзээлзгэнэ, хад, нэрс, аньс, мойл зэрэг байгалийн баялаг, алт, вольфром, төмөр, зэрэг сайн чанарын металл,шороонбудагболон шавар, элснийарвин нөөц баялагтай.

Борнуур сум нь Уур амьсгалын хувьд зундаа 15-20 хэм дулаан , хуурай, сэрүүвтэр, өвөлдөө 35 хэм хүйтэрдэг. Агаарын харьцангуй чийгшил 7 сард 65.5% байдаг. Агаарын даралт 7 сард хамгийн бага, 12 сард хамгийн их байна. Голлох салхи нь баруун хойд зүгээс байх бөгөөд салхины хамгийн их хурд нь 12-14 м/сек, бага үедээ 6 м/сек хурдтай байна. Жилийн дундаж хур тунадас нь 250-300 мм, . Сумын хамгийн том гол Бороо гол. Бороо гол нь Шавартай, Шивэртэйн голоос эх аван 90 км урт урсан Хараа голд цутгадаг. Мөн Дал, Зур, Шавартай, Шивэртэй, Тайст, Сайхан, Арангат, Баянгол, Сүжигт зэрэг тунгалаг уст гол горхи рашаантай.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1953 оны 12 сарын 14-ны 465-р тогтоолоор Төв аймгийн Баян-Өлзийт сумын нутагт байсан гахайн аж ахуйг Хүнсний яамнаас Мал аж ахуйн яамны мэдэлд шилжүүлэн 1954 оноос эхлэн 100-д ажилчин албан хаагчтай 834.6 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 600 адуу, 500 үхэр, 100 мэгж, 2500 тахиа, 7 трактор, 1 комбайн, 20 морин анжистайгаар үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.

МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 2 сарын 4-ний өдрийн 47/34-р тогтоолоор байгаль цаг уурын тохиромжтой нөхцлийг үндэслэн уг аж ахуйг сүү ногооны чиглэлээр сангийн аж ахуй болгон өөрчилжээ. 1962 оноос Баянчандмань дахь “ЭрнестТельмен”-ы нэрэмжит Замтын нэгдлийг тус сангийн аж ахуйтай нэгтгэснээр цаашид цэцэглэн хөгжих суурь тавигдсан. Нийслэлийн хөдөлмөрчдийг сүү, төмс хүнсний ногоогоор хангах үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хар тарлан үүлдрийн 400, 800 үнээ 720 гунжны саалийн механикжсан фермүүд, 1100 га услалтын систем, 4000 тн төмсний механикжсан агуулах, 3500 тн хорголжин тэжээл үйлдвэрлэх цех, 7200 м2 эрт ургацын болон үрслэг бойжуулах шилэн хүлэмж болон үйлдвэрлэлийн томоохон нэгжүүд ажиллаж байв.

САА нь 1984-1985 онуудад бүх ард түмний социалист уралдаанд шалгарч МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв хороо, МХЗЭ-ийн Төв хорооны шилжин явах диплом 40-50 мянган төгрөгөөр, 1973, 1984, 1985 онуудын ажлаараа ХАА яам, нэгдлийн холбооны дээд зөвлөл, ХАА-н ажилчдын үйлдвэрчний эвлэлийн байнгын зөвлөлөөс гаргасан уралдаанд системд 1.2.3 –р байр эзэлж 13-15 мянган төгрөгөөр, 1973, 1975, 1984 онуудадтөмс, хүнсний ногооны ургацаар МХЗЭ-ийн Төв хороо, ХААЯ, НхДЗ-ээс зарласан болзолт уралдаануудад 1.2–р байр эзэлж 20-60 мянган төгрөгөөр, сум 2003, 2009, 2011 онд дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, сум, орон нутгаа хөгжүүлэхэд бодит ажил зохион байгуулсан тул аймгийн хэмжээнд 1-5 байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж байв.

САА 1989 оны байдлаар 1 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 29 мянган толгой малтай, үйлдвэрлэлээ явуулж жилдээ 36.2 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дунджаар жилдээ 10.0 сая төгрөгний ашигтай ажиллаж байв.

1991 оноос Борнуур САА нь Борнуур ХК, Шархоолой, Даваанбулаг, Мандалнаран компаниуд болон хувьчлагдсан.

 Одоо сум 8108 га эргэлтийн талбайтай, 105756 толгой малтай, 5081 хүн ам, 1548 өрхтэй. 

Тус сум нь засаг захиргааны нэгж 4 багтай, 854 сурагчтай ЕББД сургууль, 15 ортой хүн эмнэлэг, 140 хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, ШТСтанц-3, Эрчим хүчний салбар, аялал жуулчлалын “Армонголтравел”, “Жонон”жуулчныбааз, “Дуганхаджуулчин”, “Ёлхад” зэрэг амралтын газрууд, “Урьхан”, “Бамбарууш”, ”Буугаад мордоё”, ”Өгөөж сүлд”, ”Андууд”, ”Сүжигтхайрхан” зэрэг зоогийн газар, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний 22 цэг үйл ажиллагаа явуулж байна.

Борнуур сумын Мал эмнэлгийн түүхэн замнал