• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
БОРНУУР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

 Анх 1938 онд Борнуур сумын Бороо голын орчим Зөвлөлтийн эмч нартай хамтран хүний бага эмчийн салбар байгуулан эмнэлгийн үйлчилгээ явуулж эхэлсэн түүхтэй. Хүн эмнэлэг нь 1954 онд одоогийн Өгөөмөр багийн нутагт орших Сүүн заводийн дэргэд бага эмч Жамбаа, сувилагч  Лхамжав, Нэргүй гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан бөгөөд 1959 онд Дэнжийн эмнэлэгт шилжиж ирсэн.

1962 онд их эмч Цэрэндоржоор удирдуулсан 12 ажилтантай хүний их эмчийн салбар болон өргөжиж, бүтцийн хувьд:  үзлэг, хэвтэн эмчлүүлэх, угаалга, гал тогооны хэсэг гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна.

 1978 онд 1 дан саарал тоосгон барилга бүхий эмнэлэгийн барилга шинээр баригдан, үйл ажиллагаагаа өргөжүүлэн 16 эмч, ажилтантай болж, бүтцийн хувьд төрөх, эмийн сан, угаалга, аж ахуйн хэсгүүд нэмэгдсэн. 1979 онд Борнуур сум Герман улстай хамтран ажиллах харилцаа тогтоосны үр дүнд германы тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон сумын эмнэлэг болж өргөжсөн.

2014 онд одоогийн эмнэлэгийн барилгыг 876,3 сая төгрөгийн төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтанд оруулан ард иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

1954-2001 онуудад манай эмнэлэгт ажиллаж байсан эрхлэгч, их эмч нарын нэрийг дурьдвал

-Бага эмч Жамбаа,

-Их эмч Цэрэндорж, Цэгмид, Н.Дашням, Ш.Уранчимэг, Н.Жаргалсайхан, Ч.Батцэцэг,Ж.Жавзандулам, Д.Батжаргал, Н.Оролзод, Д.Гиймаа, Д.Сэргэлэн, Ц.Түвшинчимэг, Н.Сэлэнгэ, Х.Энхтөр, Т.Амарсанаа, Ч.Алтантуул нар юм.

Борнуур сумын эрүүл мэндийн төв нь сумын Эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандарт /MNS 5081:2013/-аар 3-р зэрэглэлийн сумын эмнэлэгт хамаарагддаг. Жилдээ 6000 орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг, 450-500 хүнийг хэвтэн эмчлүүлдэг, 100-120 жирэмсэн эхийг  эсэн мэнд амаржуулан ажилладаг.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр эрт илрүүлэгийн үзлэг шинжилгээг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 1500-2000 иргэнд мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж ажилладаг.

Сүүлийн 3 жил үйл ажиллагаагаараа

-Эх, нялхасын эндэгдэлгүй ажилласан

-0-5 насны хүүхдийн гэрийн идэвхитэй эргэлт сайн

-Халдварт өвчний эрт илрүүлэлт сайн

-Эрт илрүүлэгийн 5 төрлийн үзлэгийг сумандаа чанартай зохион байгуулсан гэсэн үзүүлэлтээр аймагтаа тэргүүлэн ажиллаж, аймгийн Хошой аварга эмнэлэг болсон.

2023-11-07 10:34:32