• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
БОРНУУР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН ГАЗАР

 

Төв аймгийн Борнуур сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан юндэнгийн хошуунд харъяалагдах бөгөөд 1938 онд Баян-Өлзийт сумыг байгуулж 1959 оны улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баян-Өлзийт сумыг Борнуур сум болгосон түүхтэй. Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багийн  нийт 1443 өрхөд 5137 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 21-д ордог.

Далайн төвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүс, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ЗАМ ТЭЭВЭР

Сумын газар нутаг дээгүүр босоо тэнхлэгийн хатуу хучилттай улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

УС ХАНГАМЖ

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, 16 м3 багтаамжтай 3 усан сан, 30м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй.

СУМЫН ОНЦЛОГ

Тус сум нь Төв аймгийн хойд хэсэгт байрлах бөгөөд хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сум, баруун талаараа өөрийн аймгийн Жаргалант, Баянцогт сум, зүүн талаараа Батсүмбэр, өмнө талаараа Баянчандмань сумтай хиллэдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 105 км, Зуунмод хотоос баруун хойш 155 км зайд оршидог. Засаг захиргааны 4 багийн нийт 1443 өрхөд 5137 хүн ам амьдардаг. 

ХОТ БАЙГУУЛАЛТ ГАЗРЫН ХАРИЛЦАА

Үйлчилгээ давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 2012 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 332 га газар өмчилж, 306 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 22.12 га газар, 49 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 44.97 га газар, 24 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 223.3 га газар, 918 иргэн 48 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 7854 га газар эзэмшиж байна.2009 онд хадлангийн газрыг хуваарилснаар Хадлангийн газар ашиглагч 652 иргэн, 2 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Нийт 4520 га хадлангийн газар дахин хуваарилалтанд хамрагдсан.Нийт хадлангийн талбайгаа 650 гаруй иргэн, аж ахуйн нэгжид газрын нөөцөд тохируулан хуваарилж өгч, эзэнжүүлэх, бүртгэлжүүлэх, кадастрын зураглалд хамруулах ажлыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Ингэж эзэнжүүлснээр 2012 оны байдлаар нийт 1278 га хадлангийн талбайг 28.5 сая төгрөгийн төсөл хөтөлбөр болон хувийн хөрөнгө оруулалтаар хашиж хамгаалаад байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх. 

2023-11-06 09:50:52